Ахлах ангийн хөтөлбөр
ОУДС-ийн удирдлага, багш нар сурагч бүрийн хүсэл тэмүүлэл, давуу талыг хөгжүүлэх олон талын боломжуудыг олгосон суралцах таатай орчин бүрдүүлэхийг зорин ажилладаг. Үүнд:
- Олон орноос ирсэн багш нар нь сурагч бүрийн сонголтыг хүндлэн, дэмжлэг үзүүлснээр тэдэнд цаашид суралцах урам зориг өгдөг.
- Анги дүүргэлтийн тоо цөөн байдаг нь сурагч тус бүрийн сурах арга барилыг таньж мэдэж, тэдний хэрэгцээ шаардлаганд нийцсэн сургалтын арга зүйгээр хангах боломжийг багшид олгодог.
- сурагч-сурагч, сурагч-багш, багш-багш гэсэн хамтын ажиллагаа нь шударга, эв нэгдэлтэй байх зарчим дээр суурилдаг.
- Манай багш, сурагчид ОУДС-ийн хамт олны нэгэн хэсэг байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байдаг.
Олон Талт Цогц Боловсрол
ОУ-ын Бакалавриатын Дипломын Хөтөлбөрт ахлах сургуулийн 11, 12 ангийн сурагчид суралцдаг ба энэ хөтөлбөр нь сурагчдад гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй мэдлэг боловсрол олгодгоороо дэлхий аль ч оронд өндрөөр үнэлэгддэг. Сурагчид 2 жилийн хугацаанд Дипломын хөтөлбөрт суралцаж, төгсөлтийн шалгалтыг хөндлөнгийн багш дүгнэж үнэлгээ өгдөг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, өндөр үнэлэгдсэн энэхүү сургалтын хөтөлбөр нь сурагчдад судалсан хичээлүүдийнхээ үндсэн агуулгыг зааж сургахаас гадна судлах агуулгын нарийн учир шалтгааныг гүнзгийрүүлэн судлан шинжлэх, мөн хичээл хоорондын уялдаа холбоог ойлгох чадварыг эзэмшүүлдэг.
Дипломын хөтөлбөрт сурагчид хичээлийн үндсэн агуулгын талаар сурч мэдэхийн зэрэгцээ ирээдүйд хувийн амьдрал, сургууль, ажил мэргэжлийн талбарт хувь хүний хөгжилд зайлшгүй шаардлагатай чөлөөтэй сэтгэн бодох, үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай хамтран ажиллах ур чадваруудыг эзэмшдэг.
Дипломын Хөтөлбөрийн Цөм
Дипломын Хөтөлбөрийн цөм нь үндсэн 3 суурьтай бөгөөд энэ үндсэн цөм сургалтыг амжилттай дүүргэснээр сурагчид их дээд сургуульд элсэн суралцахад бүрэн дүүрэн сайн бэлтгэлтэй болж төгсдөг.
Мэдлэгийн Тухай Онол хичээлээр сурагчид “Бид хэрхэн мэддэг вэ” гэсэн асуулт дэвшүүлэн хичээлүүдийн агуулга, улмаар дэлхий ертөнцийн бүхий л асуудлын хүрээнд холбон дүгнэж судалдаг. Сурагчид нарийн төвөгтэй, олон талт үзэл баримтлалуудын учир шалтгаануудыг шинжлэн дүгнэх ур чадвараа хөгжүүлдэг.
Бүтээлч байдал, Үйл ажиллагаа, Нийгмийн Туст Хөдөлмөр нь сурагчид бүтээлч чанараа хөгжүүлэх, спортын аль нэг төрлөөр хичээллэх, нийгэмд туст хөдөлмөрт оролцох зэрэг өөрсдийн сонирхсон зүйлсээ төлөвлөгөө гаргах хийх аргачлалд сургадаг.
Бие Даалтын Судалгааны ажлын тайлан Сурагч судалж байгаа аль нэг хичээлийнхээ агуулгын хүрээнд гүнзгийрүүлэн судлан дүгнэх сэдвийг өөрөө сонгон ярилцлага, лабораторийн туршилт гэх мэт олон төрлийн арга ашиглан судалгааг нэг жилийн хугацаанд багшийн удирдлаган дор хийж тайлан бичдэг.
Дэлхий Нийтийн Боловсрол
ОУДС болон ОУ-ын Бакалавриатын Дипломын Хөтөлбөр нь олон улсын чиг, хандлагыг агуулдаг. Багш, сурагчдын зааж, сурч байгаа хичээлүүдийн сэдэв, хэлэлцэх асуудал, сургалтын материалууд нь улс үндэстний үзэл баримтлал, түүх, соёл иргэншлийг бүхэлд нь олон талаас нь судалж дүгнэдэг бөгөөд энэ нь сурагчдыг дэлхий ертөнцөд эерэг нөлөө үзүүлэх хүн болгон төлөвшүүлдэг.
Суралцах Хичээлүүд
Сурагчид Хэл-Уран зохиол, Гадаад хэл, Нийгэм Судлал, Байгалийн Шинжлэх ухаан, Математик, Дүрслэх урлаг гэх бүлэг хичээлүүдээс тус бүр 1 хичээл, нийт 6 хичээлийг сонгон суралцана.