Энхбаярын Мишээл

2019 оны төгсөгч

Бритиш Колумбын Их Сургууль (UBC) дахь Содерийн Бизнесийн Сургууль

ОУДС-д бага ангиасаа IB хөтөлбөрүүдээр суралцаж төгссөн нь намайг олон талаар хөгжүүлсэн. Би бага ангиасаа эхлэн сонирхлынхоо дагуу урлаг спортын олон төрлийн дугуйлан секц, арга хэмжээнд оролцож авъяас чадвараа хөгжүүлсэн. Мөн манай сургууль цөөн сурагчидтай тул би үе тэнгийнхэн, багш нартайгаа ойр дотно харилцаатай болж чадсан. Түүнчлэн олон орны соёлтой танилцаж, дэлхийн өнцөг булан бүрийн насан туршийн найз нөхөдтэй болсон. Өндөр шалгуур, шаардлагатай сургалтын хөтөлбөр нь намайг өөрийгөө дайчилж суралцахад сургасан.

ОУДС-д суралцаж байхдаа ACAMIS, X-Week, IDEALS зэрэг сургуулиас зохион байгуулдаг аялал, сургалтууд мартагдашгүй дурсамжуудыг надад үлдээсэн. 7-р ангидаа X Week -ийн 7 хоногийн Хонконгт хийсэн аяллыг онцлон дурдъя. Энэ аяллын хүрээнд би үе тэнгийн олон найзтай болсон. Бидний ихэнх нь эх орноосоо анх удаа бие даан аялсан нь өөрсдийгөө урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нээж чадсан. ОУДС нь хичээлээс гадуур сурч боловсрох олон боломжуудыг надад олгож байсан нь олон сайхан дурсамж үлдээхээс гадна хичээл сургууль, ажил амьдралд зайлшгүй шаардлагатай, үнэ цэнэтэй ур чадваруудыг эзэмшүүлсэн юм.